Америкт-д гарч буй хамгийн шилдэг телевизийн олон ангит кинонууд танилцуулаж байна.

1. Атланта (2016)

Төрөл: Инээдмийн 
Зохиогч: Дональд Гловер
Продюсер: Дональд Гловер 
Суваг: FX
Үргэлжлэх хугацаа: 22-23 минут

Энэ онд нээлтээ хийсэн хамгийн шилдэг олон ангит кино бол яалт ч үгүй Атланта юм. Уг кинонд Атланта хотын реп хөгжмийн салбарт гарч ирэхээр оролдож буй репер залуу болон түүний үеэл хоёрыг тойрсон үйл явдлууд гардаг. Атланта бол одоогийн америкийн трап, андергроунд хип хоп хөгжмийн хамгийн том төвийн нэг юм. Киног тэр чигээр нь уран зурагтай зүйрлэмээр тансаг дүрслэл, инээдтэй үйл явдал, уран сайхны хэтрүүлэггүй бөгөөд донж нь таарсан өгүүлэмжтэй. Мөн кино тэр чигээрээ өнгөт арьстануудын амьдарлын хэв маягийг өгүүлнэ. Гэхдээ илүү бодит. Зураг авалтыг үргэлжилсэн буюу нэг камерын зураглалаар шийдсэн нь кино үзэх гэхээсээ илүүтэй киноны гол дүрүүдтэй хамт үйл явдлаар аялаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.

2. The Crown (2016)

Төрөл: Түүхэн
Зохиогч: Питер Морган 
Продюсер: Питер Морган 
Суваг: Netflix
Үргэлжлэх хугацаа: 54-61 минут

Юуны өмнө хэлэхэд энэ бол түүхэн дэх хамгийн өндөр өртөгөөр бүтэж буй телевизийн цуврал кино. Эхний улирлын 10 ангийг гэхэд 130 сая долларын хөрөнгө оруулалтаар бүтээжээ. Цувралын нэгдүгээр улиралд Их Британийн хатан хааны засаглалын эхэн үеийн он жилүүд болон ерөнхий сайд Уинстон Черчилийн амьдралын сүүлч үеийн тухай нэлээд дэлгэрэнгүй үзүүлнэ.

Уншигч та өмнө нь язгууртан хүмүүсийн амьдралын тухай хэр их бодож байсан бэ? Тэгвэл энэ цуврал төсөөлж болох хамгийн үнэн хариултыг өгч чадах бүтээл болж чадсан юм. Заримдаа бага зэрэг инээдтэй санагдмаар зүйлс энэ кинонд нэлээд гарна. Ялангуяа залуу хатан хааны дэргэдэх зөвлөгчид болон хааны гэр бүлийн харилцаа зэрэг сэдвүүд хэтэрхий хэтрүүлэгтэй мэт мэдрэмж төрмөөр. Гэхдээ эцсийн эцэст хааны гэр бүлд ч гэсэн биднээс ялгаагүй мах, цуснаас бүрдсэн хүмүүс л амьдардаг билээ. Киног чимж буй өөр нэг зүйл нь зургийн шийдэл болон бүтээн байгуулалт, хувцас загвар юм. Кино бүтээгчид дэлхийн II дайны дараах английн дүнсгэр дүр төрх, хувцаслалтан дээр үнэхээр гайхалтай ажилласан. Хааны ордоны гоёл чимэглэл, түүхийн эгзэгтэй үеүдийн дүрслэлүүд нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Хэдийгээр хурц үйл явдалгүй ч кино бүтнээрээ үнэхээр үзэсгэлэнтэй. Дээрээс нь киноны хөгжмийг алдарт Ханс Зиммер болон Грегсон Виллиамс нар бичсэн. Тийм ч учраас уг кино энэ оны шилдэг телевизийн цувралд заавал багтах ёстой.

Уг кино улс төр, Их Британийн түүхийг сонирхогчид болон эмэгтэйчүүд үзэхэд тун сонирхолтой болсон.

3. Rectify (2013-2016)

Төрөл: Хууль, эрх зүй, Гот 
Зохиогч: Рэй МкГиннон 
Суваг: SundanceTV
Үргэлжлэх хугацаа: 54-61 минут

Өнөө үеийн телевизийн цувралуудад энэ зэргийн зохиол, агууламж үнэхээр ховор гэдгийг онцлон хэлэх ёстой болов уу? Rectify бол үзэгчдэд зориулсан гэхээсээ илүүтэй дутуу байгаа орон зайг нөхөх гэсэн илүү уран бүтээлч оролдлого юм. Өнгөрсөн аравдугаар сарын 28-нд уг цувралын дөрөвдүгээр улирал нээлтээ хийсэн бөгөөд саяхан цувралыг бүтээгчид энэ жил дуусгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн байгаа.

Цувралын гол дүр Даниел Холдин 16 настай байхдаа өөрийн найз охиноо хүчиндэн хөнөөсөн хэргээр шоронд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлжээ. Тэрээр 19 жил шоронд суусны дараа эсийн шинжилгээгээр гэм буруугүй нь нотлогдон цагаадаж шоронгоос гарах болно. Энэ үйл явдлын дараагаас уг цуврал үргэлжилнэ. Түүний амьдардаг жижиг хотод бүгд түүнийг алуурчин гэж үзэх бөгөөд ганцхан түүний дүү л энэ олон жилийн туршид түүнийг гэм буруугүйд итгэсээр иржээ. Rectify бол хүний зан чанар, хүн хүндээ итгэх итгэлийн тухай өгүүлэх бөгөөд зарим нөхцөлд нэлээн сайн хийгдсэн сэтгэл зүйн шинжилгээ гэж хэлэхүйц цуврал юм. Дээрээс нь өгүүлэмжид нь готик стилийн уран зохиолын гоо зүйг шингээж өгсөн нь уг цувралыг үзэхэд улам ч илүү амттай болгоно. Миний та бүхэнд амалж чадах ганц зүйл бол уг цувралыг үзээд танд ер бусын сэтгэл хөдлөл төрж, сэтгэлийг тань кинотой холбоотой олон бодлууд эзэмдэх болно.

4. Poldark (2015)

Төрөл: Драм, Цаг үеийн драм 
Зохиогч: Дебби Хорсфилд
Суваг: BBC One
Үргэлжлэх хугацаа: 60 минут

Алдарт зохиолч Винстон Грамын "Полдарк" цуврал зохиолоос сэдэвлэн бүтээсэн олон ангит кино. Эхний улирлыг BBC гаргахдаа үргэлжлүүлэх эсэхээ шийдээгүй байсан ч үзэгчдээс сайн үнэлгээ авсны дараа сунган гаргаж байгаа цуврал юм. Киноны үйл явдалд Америкийн тусгаар тогтнолын дайны дараах Англи орон, английн хамгийн баруун урд нутаг Корнишийг тун томоор дүрслэн харуулах болно. Зохиол нь нэлээд ээдрээтэй, хайр дурлал, хөрөнгө, эрх мэдэл гээд дасал болсон сэдвүүдтэй ч гэсэн өнөөдрөөс 200 гаруй жилийн өмнөх байгууламж нь уг киног тун сонирхолтой болгож өгсөн. Дээрээс нь кино жүжигчдийн багийг заавал онцлох ёстой. Ахмад Полдаркийн дүрд тоглосон Айден Турнер дэлгэцийн гэхээсээ илүү тайзны жүжигчин бөгөөд анхны гол дүрээ уг цувралд бүтээжээ. Тэрээр киноны эх зохиол дээр тун гайхалтай ажиллаж, киног амьдруулах гол зүрх нь болж өгсөн юм. Цувралын эхний улирал тийм ч содон биш. Харин сүүлд гарсан хоёрдугаар улирал үнэхээр том үсрэлт болсон төдийгүй сүүлийн жилүүдэд BBC-гийн гаргасан хамгийн сайн телевизийн цуврал гэж үнэлэгдээд байна.
Кино уламжлалт савангийн дуурь болон сонгодог уран зохиолын шимтэн уншигч үзэгчдэд илүү тохирно.

5. Mr.Robot (2015)

Төрөл: Драм, Триллер, 
Зохиогч: Сем Исмайл
Суваг: USA Network
Үргэлжлэх хугацаа: 41-64 минут

Анх гарсан цагаасаа хойш хамгийн их шуугиан дэгдээсэн цуврал бол яалт ч үгүй Mr.Robot юм. Үйл явдалд нь Нью-Йорк хотод амьдардаг Элиот Андерсон хэмээх компьютерын инженер, хакер залуугийн тухай өгүүлнэ. Олон нийтийн харилцааны асуудалтай хакер залуу өдрийн цагаар интернэт хамгаалалтын компанид ажиллаж, харин чөлөөт цагаараа олон нийтийн сайн сайхны төлөө хакерын ажил хийдэг. Түүний энэ жижигхэн тэмцэл яваандаа нийгмийн тогтолцоо, корпораци дамжсан синдикат бүлэглэлийн эсрэг болж хувирах бөгөөд үйл явдал нь нэлээд ээдрээтэй, олон эргэлттэй байх болно. Киноны тайлалыг гаргахын тулд цувралыг тэр чигээр нь үзэх шаардлагатай. Орчин үеийн телевизийн цуврал, дэлгэцийн бүтээлүүдэд техно маягийн хэв шинж нэлээд илрэх болсон билээ. Тэгвэл энэ оролдлогуудын хамгийн төгс хувилбар яалт ч үгүй Mr.Robot юм. Нэгдүгээр биеэс төлөөлж ярих өгүүлэмж нь гол баатрыг өөрийн дотны хүн мэт мэдрүүлэх төдийгүй хөгжмийн зохиолууд нь киног уран зөгнөлт юм шиг уур амьсгалтай болгож өгдөг. Киноны байгууламж, зураг авалтууд нь тун энгийн болсон ч гэсэн зохиолын агууламж нь киног хамаагүй том цар хүрээтэй болгож өгчээ. Цуврал цаашид үргэлжлэн гарах бөгөөд одоо аль хэдийнэ 22 анги гараад байгаа ч олон асуултын хариуг үзэгчид олж аваагүй байгаа. Тиймээс цаашид ч энэ цуврал илүү сонирхолтой байж чадна гэсэн итгэлийг төрүүлж байгаа юм.
Ээдрээтэй, технологийн шинжтэй, уран зөгнөлт кино сонирхогч хэн бүхэнд таалагдана.

6. Marvel's Luke Cage (2016)

Төрөл: Драм, Тулаант 
Зохиогч: Чео Ходари Кокер
Суваг: Netflix
Үргэлжлэх хугацаа: 44-65 минут

Netflix-ийнхэн Марвелийн ертөнцийн олон ч киног цувралаар хийж байгаа. Тэдний Марвелийн зурагт номуудаас сэдэвлэн гаргасан сүүлийн цуврал бол Luke Cage юм. Зохиолын тухайд нэг их юм яриад байх нь илүүц болов уу. Супер баатар, супер хүч чадалтай кино зохиолуудаас ялгарч байгаа зүйл нь гэвэл гол дүрээ бодит амьдрал, хүмүүсийн дунд илүү сайн суулгаж өгчээ. Мөн хөгжмийн сонголтыг магтахгүй байхын аргагүй. Өнгөт арьстан баатартай кинонд мэдээж реп хөгжим байх ёстой. Тэгвэл уг киноны хөгжмийг домогт "A Tribe Called Quest" хамтлагийн DJ Ал Шахийд Мохамед, продюсер хөгжмийн зохиолч Адриан Янг нар ажиллажээ.

Саяхан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп ялсан нь шоуны цаашдын ирээдүйд нөлөөлөх магадлалтай. Киноны ихэнх наргиа, шоглоомнууд ихэвчлэн цагаан арьст хүмүүсийн эсрэг чиглэсэн байдаг. Магадгүй энэ нь Luke Cage-ийг бусад цувралуудаас илүү тод харагдуулсан байх магадлалтай. Тэгээд эцэст нь хэлэхэд энэ бол зүгээр ч нэг супер баатрын тухай цуврал биш болохоор таныг үзэхэд илүү амттай байлгах үүднээс ингээд орхиё!

Цувралыг үзэж эхлэхээс өмнө Netflix-ийн өөр нэгэн супер баатартай цуврал болох "Jessica Jones"-ийг үзчихэд гэмгүй. Учир нь Luke Cage тэрхүү Jessica Parker-ийн цувралд анх өөрийн дүрээр гарч байсан юм. Супер баатартай кинонд дурлагч бүх хүмүүст үзэхийг зөвлөж байна. 

7. American Crime Story: The People v. O.J Simpso (2016)

Төрөл: Жинхэнэ гэмт хэрэг 
Зохиогч: Скотт Александр
Суваг: FX
Үргэлжлэх хугацаа: 41-58 минут

Энэ цуврал бусад кинонуудаас ялгаатай нь бодит гэмт хэрэг болон түүний шүүх хурал дээр төвлөрдөг юм. Энэ цувралын эхний улирлыг "The People v. O.J Simpson" нэртэйгээр гаргасан бөгөөд О.Ж Симпсоны аллагын шүүх хурлын үйл явдал дээр тулгуурлан бүтээжээ. Киноны гол дүрд Куба Гүүдинг, Дэвид Швиммер зэрэг олон сонирхолтой жүжигчид тоглосон.

О.Ж Симпсон бол Америк хөл бөмбөгийн супер од, кино жүжигчин юм. Түүнийг 1994 онд салсан эхнэрээ хөнөөсөн хэргээр баривчилсан бөгөөд Америкийн түүхэн дэх хамгийн их шуугиан дагуулсан шүүх хурал болж өнгөрсөн түүхтэй. Түүний өмгөөлөгчдийн багт тухайн үеийн Америкийн хамгийн шилдэг өмгөөлөгчид ажилласан бөгөөд тэднийг "Мөрөөдлийн баг" хэмээн дуудаж байсан юм. Сонирхуулахад түүний өмгөөлөгчдийн багт телевизийн реалити шоуны од Ким Кардашьяны төрсөн эцэг Роберт Кардашьян ажилласан бөгөөд Роберт түүний өмгөөлөгч төдийгүй гэр бүлийн дотно найзууд байжээ. Сүүлд түүний охин Клоег, Робертийн хүүхэд биш харин О.Ж Симпсоны хүүхэд байх магадлалтай гэдэг шуугиан дэгдэж байсан билээ.

Цувралын эхний улирлын сайн зохиол, чадварлаг жүжигчдийн багийн тоглолт нь тус бүтээлийг энэ жил гарсан хамгийн шилдэг цувралын нэг болгож байгаа. Цуврал цаашид үргэлжлэн гарахаа албан ёсоор зарласан. Цувралын хоёрдугаар улирлыг 2005 онд болсон Катрина хар салхины үеэрх аймшигт дүр зураг, амьд үлдсэн гэрчүүдийн ярилцлаган дээр тулгуурлан бүтээх юм байна.

Хууль, эрх зүйн чиглэлээр суралцдаг, өмгөөлөх чадвар, мэтгэлцээний сэдэвт бүтээлүүдэд дуртай хүмүүст илүүтэй таалагдах болов уу.